Хүний бие махбод хүйтний улиралд дасан зохицож өвлийг өнгөрөөдөг. Гэвч хаврын улирал болж нарны гэрлийн эрч нэмэгдэн, өдөр уртасч шөнө богиносох үед өвлийн улиралд дассан бие сэргэх үйл ажиллагаандаа ордог. Ерөнхийдөө хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбодь орчиндоо дасах гэж хямрах үйл явцыг "хаврын ядаргаа" хэмээн нэрлэдэг. Мөн өвлийн цагт жимс, ногооны хэрэглээ бага байснаас үүдэн хүний биеийн нөөц амин дэм дуусдаг. Тиймээс хаврын улирал эхлэхэд биеийн дархлаа суларч элдэв халдварт өвчин, ханиад томуунд өртөмтгий болдог.
Хаврын ядаргааг хэрхэн даван туулах вэ?
Хаврын ядаргааг даван туулахын тулд юуны түрүүнд хоол ундандаа анхаарал тавих хэрэгтэй.Үүнд:
- Шингэний хэрэглээг нэмэгдүүлэх. Газтай ундаа кофе цайны оронд цэвэр ус ууж биеэ цэвэршүүлэх
- Илчлэг ихтэй, өөх тостой хоолноос илүүтэй хөнгөн хоол идэхийг эрхэмлэх
- Хүнсэндээ жимс, ногоог түлхүү хэрэглэх
- Сүү цагаан идээ хэрэглэх
- Өөрт шаардлагатай нэмэлт амин дэм хэрэглэх
Эдгээрээс гадна эрт босох, усан сэлэлт дугуйгаар хичээллэх зэргээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, бясалгал иогоор хичээллэх зэрэг нь оюуны ачааллыг тайлж ядаргаанд орохоос сэргийлэх ач тустай.
Харин оройн цагаар бүлээн шүршүүрт орж, тайван хөгжим сонсон тав тухтай нойрсоход бэлдээрэй. Учир нь шөнийн турш бат бөх нойр авч өглөө эрт байгаль дэлхийтэй зэрэгцэн сэрж байх нь хаврын ядаргаанд орохоос сэргийлэхээс гадна ажлын бүтээмжийг тань нэмэгдүүлнэ.